“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан газар, тариалангийн бодлого зорилтыг бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх, Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчдийн ажлын уялдаа холбоог хангах, харилцан туршлага солилцох зорилготой “Зүүн бүсийн тариалангийн зөвлөгөөн 2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун үг хэлэв. Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд дэд сайд М.Ганхүлэг, М-Арго ХХК-ийн газар тариалангийн технологи хариуцсан захирал доктор Ш.Алтанбадралт болон Хэнтий, Дорнод Сүхбаатар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын удирдлагууд, төрийн албан хаагчид, газар тариалангийн салбарын төлөөллүүд оролцож байна.
Тус зөвлөгөөнийг зүүн бүсийн газар тариалангийн өнөөгийн байдал, төрөөс гаргасан бодлого шийдвэр, тэдгээрийн үр дүн, зорилтуудын бүрэн хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Хэнтий аймгийн тухайд хөдөө аж ахуйн салбарт 40 гаруй ААН, 800 гаруй иргэн, 7 хоршоо тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг. Хэнтий аймгийн тариаланчид сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 110.2 мянган га талбайд тариалалт хийснээс 114.4 мянган тонн ургац хураан авчээ.
Мөн 2021-2023 онуудад атрын 4 дэх аян, тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2-оос дээш жил тариалалт хийгээгүй атаршсан 15.875 га тариалангийн талбайг ашиглалтад оруулж 53.1 мянган га талбайг хашаажуулаад байна. Мөн энэ онд Хэнтий аймаг 35.3 мянган га талбайд тариалалт хийж 51.9 мянган тн ургац хураан авахаар төлөвлөжээ.