loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДОРНОГОВЬ АЙМГААС АНХ УДАА МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ ТОДОРЛОО | HuduuMN

ДОРНОГОВЬ АЙМГААС АНХ УДАА МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ ТОДОРЛОО

2024-06-08

Монгол Улсын Засгийн газрын 234 дүгээр тогтоолоор Дорноговь аймгийн Хатанбулаг сумыг Монгол Улсын шилдэг сум хэмээн тодруулж 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус суманд шагналыг гардуулан өглөө. Улс, аймгийн түүхэн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, амжилт бүтээлээ үнэлүүлэн Хатанбулаг сум нь 1953 онд Засгийн газрын “Хүндэт үнэмлэх”-ээр, сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1936 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор тус тус шагнагдсан буухиагаа үргэлжүүлэн, 2018, 2019, 2021, 2023 онд “Дорноговь аймгийн шилдэг сум”, 2022 онд “ Монгол улсын Төвийн бүсийн шилдэг сум”-аар шалгарсан билээ. Монгол орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгмийн бүхий л салбарт гарамгай амжилт гарган, төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлсэн Хөдөлмөрийн баатар-2, Ардын цолтон-3, Төрийн соёрхолт-1, Гавьяат цолтон 16, акедемич, доктор цолтон 11 тус сумаас төрөн гарчээ. Хатанбулаг сумын эдийн засгийн салбар өсөн нэмэгдэж, 2020 оноос орлого бүрдүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлж, аймагт орлого төвлөрүүлж, сүүлийн жилүүдэд улсын орлогын төлөвлөгөөг 124,7-424,7 хувиар давуулан биелүүлж, улс,аймгийн төсөвт бодит хувь нэмэр оруулсаар байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого", Боомтын сэргэлтийн хүрээнд “Хилийн Ханги” боомт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн нэг ч өдөр зогсолтгүйгээр ажиллаж, уул уурхайн ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортлож, 4,6 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлсэн түүхэн амжилтыг үзүүлсэн билээ. Ханги хилийн боомтоор 2023 онд экспорт 5,5 тэрбум, импорт 7,5 тэрбум төгрөгт хүрч өссөн нь энэхүү боомт Монгол улсын томоохон боомт болж хөгжихийг харуулж байна. Боомтоор өдөрт 250-300 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийгдэж, 2024 онд 10 сая тн нүүрс экспортлохоор төлөвлөж байна. “Хөгжлийн хөтөч” төслийн хүрээнд Ханги хилийн боомтын зураг, төсөл, Ханги хилийн боомтын суурьшлын бүсийн 245.3 га талбайд хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулагдаж, ухаалаг тээврийн терминал, хүнд даацын авто зам баригдаж байна. Ханги хилийн боомтод БНХАУ-ын ӨМӨЗО-ны санхүүжилтээр 35 квт хүчин чадалтай цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10кВт-ын 10мвт чадалтай дэд станц баригдахаар болсон. Эрүүл мэндийн төв шинээр баригдсан, хилийн боомтод ажиллаж байгаа суурьшлын бүсийн төрийн албан хаагчид, эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан найман айлын орон сууц барихаар тендерийг зарласан мөн төрийн үйлчилгээний нэгдсэн төв, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих төлөвлөгөөтэй байна. Ханги хилийн боомтод Сайншанд дахь Гаалийн газрын харьяа Гаалийн газар байгуулагдсан мөн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги, салбарыг байгуулна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Зүүнбаян-Ханги” чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд ашиглалтад оруулснаар гол замын ачааллыг 2 дахин бууруулж, Монгол Улсын транзит, экспорт, импортын бүхий л ачааг нэмэгдүүлэх бололцоог нээж өгч буйгаараа давхар ач холбогдолтой төдийгүй манай улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонн, цаашид 30-35 сая тонн болж өсөх боломжтой юм. Шинэ зууны бүтээн байгуулалт, шинэ сэргэлтийн бодлогын ололт амжилт болсон “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам ашиглалтад орж Дорноговьчуудын төдийгүй Монгол Улсын хөгжлийн түүхэнд гэгээн мөрөө үлдээсэн гайхамшигт үйл явдлыг бид хамтдаа бүтээсэн билээ. Хатанбулаг сумын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуйн салбар байсан бол эдүгээ дэд бүтцийн салбар болон хөгжиж байгаа нь сумын ирээдүйн хөгжил, улс орны эдийн засаг, боомтын сэргэлтэд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Та бүхний бахархам түүх, бахдам амжилт, бүтээлч үйл ажиллагаа мандан бадарч, ахуй амьдрал нь өөдлөн дэвжиж, сүлд хийморь нь цацран жавхаажиж, сүр хүч нь мандан бадарч байх болтугай.