Австрали улсыг дэлхийн харшлын нийслэл гэж нэрийдэх нь бий. Яагаад гэвэл Австралийн 10 хүүхэд тутмын нэг нь амьдралынхаа эхний 12 сард хүнсний харшилтай болдог. Австрали хүүхэд Европ, АНУ, Азид амьдардаг нярай хүүхдүүдийг бодвол хоол хүнсний харшилд өртөмтгий байдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ.
Хүний биеийн хүнсний бүтээгдэхүүнд үзүүлэх хариу үйлдэл маш олон янз байдаг. “IgE” төрлийн хүнсний харшил нь тодорхой хоол хүнсэнд үзүүлэх дархлааны хариу урвалаас үүсдэг. Энэ нь хоол идсэнээс хойш хэдхэн минутын дотор нүүр, уруул, нүд хавагнах, арьс биржийх, бөөлжих зэргээр илэрдэг харшил юм. Хүнд хэлбэрийн шинж тэмдэг нь амьсгалахад хүндрэлтэй болох, хэл хавагнах, хоолой хавдах, ханиалгах, хоолой сөөх, толгой эргэх, ухаан алдаж унах зэргээр илэрдэг.
Австралийн "HealthNuts" гэх хүнсний харшлын судалгааны сүүлийн үеийн үр дүнгээс харахад нэг настай 10 хүүхэд тутмын нэг нь хүнсний харшилтай байдаг бол 100 хүүхэд тутмын зургаа нь арван настайдаа хүнсний харшилтай болсон байдаг.
Харин харшил үүсгэдэг хамгийн түгээмэл хүнсний бүтээгдэхүүнүүд нь өндөг, газрын самар, үнээний сүү, хясаа, загас, самар, шар буурцаг, улаан буудай аж. Өндөг, газрын самар, үнээний сүү зэрэг хүнсний харшил нь ихэвчлэн бүр бага насанд илэрдэг бол загас, нялцгай биетний харшил нь хожуу үед илүү их тохиолддог. Ихэнх хүүхэд өндөг, сүүний харшлаа давж гарах боловч самрын харшил насан туршид байх магадлал өндөр байдаг.
"HealthNuts"-ын судалгааг харахад 10 хүүхэд тутмын гурав нь зургаан нас хүрэхдээ самрын харшлаасаа салсан байдаг аж. Мөн өндөгний харшилтай 10 хүүхэд тутмын ес нь самрын харшилтай байдаг гэсэн дүн гарчээ.
Хүнсний харшил сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд түгээмэл болсоор байна. 40, 50 жилийн өмнө ихэнх улс оронд хүнсний харшлыг онцлон авч үздэггүй, тоо баримтыг нь тэмдэглэдэггүй байсан.
Дэлхий даяар харшил нэмэгдэж буй олон шалтгааны нэг нь эх, нялхсын хоолны дэглэмийн өөрчлөлт юм. Мөн ариутгал халдваргүйжүүлэлт хэт ихэсч, ашигтай бактерын тоо багассантай энэ нь холбоотой. Австрали нялхсын хувьд Д аминдэмийн дутагдал, тус улс руу чиглэсэн хэт их шилжилт хөдөлгөөн зэрэг хүчин зүйл нөлөөлж байж болзошгүй.
Ази эцэг эхтэй боловч Австралид төрсөн хүүхдүүдийн хувьд ази гаралтай бус хүүхдүүдтэй харьцуулахад хүнсний харшилд өртөх магадлал нь өндөр байна. Мөн Азид төрж, Австралид суурьшсан хүүхдүүд самрын харшилтай болох эрсдэл бага байна.
Үүний зэрэгцээ бага наснаасаа тэжээвэр нохойтой байх, ах, эгч, дүүтэй байх нь хүнсний харшлын эрсдлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, амьтантай, эсвэл ах, эгч, дүүтэй байх нь тухайн хүүхэд янз бүрийн бактер, бусад организмтай харилцаа тогтоох боломжийг олгож, харшилд өртөх эрсдэл нь буурдаг.
Эндээс харвал хүнсний харшлын хөгжилд генетик болон хүрээлэн буй орчин хоёулаа чухал үүрэг гүйцэтгэдэг аж.
Экземтэй нярай хүүхдүүд хоол хүнсний харшилтай болох магадлал өндөр байдгийг мөн судалгаагаар тогтоосон. Энэ холбоо хамаарлыг эвдэж чадах эсэхийг шалгах туршилтууд явагдаж байна.
Хүнсний харшлаас сэргийлэхийн тулд юу хийж чадах вэ гэдэг асуултыг эцэг эхчүүд хамгийн их асуудал. Хүүхэд ойролцоогоор зургаан сартайгаасаа эхлэн газрын самар, өндөг хэрэглэх нь эдгээр хүнснээс харшлах магадлалыг бууруулдаг.
Тийм учраас Австралийн Клиникийн дархлаа судлал, харшлын нийгэмлэгээс 2016 онд зөвлөхдөө, хүүхэд амьдралын эхний жилдээ самар, өндөг зэрэг харшил үүсгэдэг нийтлэг хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй гэжээ. Энэ зөвлөгөөг австраличууд сайн дагаж мөрдсөнөөр хүнсний харшлын өсөлт удааширсан гэж үздэг. Тодруулбал, Австралид 2007-2011 оны хугацаанд самрын харшилтай 5276 нярай байсан бол 2018-2019 онд 1933 нярай байжээ.
Гэхдээ амьдралынх нь эхний жилд тухайн харшил үүсгэгч хоол хүнсийг хэрэглээд ч амжилтад хүрээгүй тохиолдлууд бий. Хүнсний харшлыг зохицуулах нь хүүхэд, гэр бүлд ихээхэн дарамт болдог.
Хүнсний харшилтай хүмүүсийн хувьд мэдэгдэж буй харшил үүсгэгчээс зайлсхийх нь нэн тэргүүний арга хэмжээ. Үүнтэй холбоотойгоор амны хөндийн дархлаа эмчилгээг Австралийн зарим байгууллагад санал болгож эхэлжээ.
Одоогоор Австрали даяар хүнсний харшлаас сэргийлэх хэд хэдэн шинэ стратегийн туршиж байна. Нярайд Д аминдэмийн бэлдмэл хэрэглэх нь хүнсний харшлын эрсдлийг бууруулдаг эсэхийг удахгүй дуусах томоохон туршилтаар судалж байна. Мөн жирэмсэн болон хөхүүл үедээ идсэн өндөг, самрын хэмжээ хүүхдийн хүнсний харшилд нөлөөлдөг эсэхийг судалж байна.