loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЭМГЭНЭЛ УРТНАСАНГИЙН ДЭМБЭРЭЛНЯМБУУ | HuduuMN

ЭМГЭНЭЛ УРТНАСАНГИЙН ДЭМБЭРЭЛНЯМБУУ

2024-05-29

ЭМГЭНЭЛ УРТНАСАНГИЙН ДЭМБЭРЭЛНЯМБУУ /1932-2024/ Монгол Улсын Ардын багш Уртнасангийн Дэмбэрэлнямбуу нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. У.Дэмбэрэлнямбуу нь 1932 онд Завхан аймгийн Идэр сумын “ Зуун мод” хэмээх газарт Завхан аймгийн анхны гавьяат багш Уртнасангийн ууган хүү болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж 1940-1947 онд Идэр, Нөмрөг сумын бага, дунд сургуульд суралцан төгсөж, 15 настайгаасаа багшилж эхэлжээ. Багшлах хугацаандаа 1960 онд Архангай аймгийн Багшийн сургууль, 1975-1978 онд УБДС-ийн монгол хэл, уран зохиол, монгол бичгийн багшийн дээд курст суралцаж төгссөн. Тэрээр багш, сургуулийн эрхлэгчээр 21 жил, пионерийн орон тооны ахлах удирдагчаар 25 жил тасралтгүй хөдөлмөрлөж, олон мянган шавь нарыг төрүүлжээ. У.Дэмбэрэлнямбуу нь 21 насандаа Их-Уул сумын бага сургуулийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн ба хөдөө нутагт шинэ стандарт сургууль байгуулах төлөвлөгөө боловсруулан хамт олон, сум орон нутгийн дэмжлэгээр хичээлийн танхимууд, дотуур байр, багш нарын кабинет, гал тогоо, хоолны заал, Пионерийн танхим, халуун ус, агуулах зоорь зэргийг барьж байгуулан улсдаа тэргүүн туршлага нэвтрүүлж байсан юм. Түүнчлэн сурлагаар хоцрогдох байдлыг арилгаж, боловсролын чанарыг нэмэгдүүлж, Их-Уул сумын бага сургуулийг Улсын анхны “Соёлч тэргүүний сургууль”-аар шагнуулж байжээ. У.Дэмбэрэлнямбуу нь 1963 онд Гэгээрлийн яамны дэмжлэгтэйгээр “Үдийн цай”, “Өдөр өнжүүлэх бүлэг” хөтөлбөрийг санаачлан, улсдаа анхлан хэрэгжүүлж байсан билээ. Тэрээр Их-Уул, Булнай сумын 8-н жилийн сургуульд Пионерийн удирдагчаар ажиллах хугацаандаа “Залгамж үе” аяныг амжилттай хэрэгжүүлж, МПБ-ын 50, 60 жилийн ой угтсан социалист уралдаанд түүний удирдсан бүлгэмүүд улсад тэргүүлсэн юм. У.Дэмбэрэлнямбуу нь багшлах ажлын зэрэгцээ сумын ҮЭ-ийн хороон даргаар 30 жил, ахмадын хорооны даргын сонгуульт ажлыг 25 жил хавсран гүйцэтгэж, соён гэгээрүүлэгч, шинийг санаачлагч, бүтээлч, үлгэр жишээ нэгэн болохоо ард түмэндээ харуулсан. Түүний Монгол Улсын боловсрол, хүүхдийн байгууллагад оруулсан хувь нэмрийг төр засаг өндрөөр үнэлж, 1961 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1975 онд “ Алтан гадас” одон, 1985 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, АХ-ийн 50,60,70,80,90 жилийн ойн медаль, 2006 онд 800 жилийн ойн хүндэт медаль, 2011 онд “Монгол Улсын Гавьяат багш” цол тэмдэг, 2023 онд “ Монгол Улсын Ардын багш” цолоор тус тус шагнажээ. Улс орон, Завхан нутгийнхаа хөгжил дэвшил, боловсролын салбарт өөрийн гавьяагаа тодотгон үлдээсэн Монгол Улсын Ардын багш таны хөдөлмөрч, хичээнгүй, зарчимч, шударга, шинийг санаачлагч, эгэл даруу, элэгсэг дотно дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗАР